MEMO2024: IFPIM Монгол 2023 ба 12-р сард хүсэлт гаргах хөтөлбөр, тэтгэлгийн боломжууд
Өмнөтгөл
✨Pluma мэдээллийн товхимлын ес дэх дугаар танд хүрч байна. Энэ удаагийн дугаарт RSF-ийн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмж, утааны сонсгол хийхийг уриалсан цахим өргөдөл, IFPIM Монгол 2023 төслийн нээлт, “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн уралдаан болон 12-р сард материал хүлээж авах хугацаа нь дуусах олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хуваалцаж байна. ✨
Дотоодын онцлох
MEMO2024: IFPIM Монгол 2023 хөтөлбөрийн нээлт
Хараат бус, бие даасан сэтгүүл зүйг бэхжүүлэх, дэмжих зорилгоор Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан, Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Financial Times Strategies компанитай хамтран “IFPIM Монгол” 2023 хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрт Монгол Улсын зургаан хэвлэл мэдээллийн байгууллага шалгаран оролцож, нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ололт амжилт, үр дүнгээсээ мэргэжил нэгтнүүддээ хуваалцлаа.
🟡Хөтөлбөрийн оролцогч байгууллагууд:
Zuunii medee – Монголын хоёр дахь өдөр тутмын сонин
iToim.mn – аналитик, эрэн сурвалжлах мэдээний онлайн платформ
NTV – эрх баригчдын үүрэг, хариуцлагыг сануулж, хяналт тавьж, олон нийтийн итгэлийг хүлээсэн өргөн нэвтрүүлгийн суваг
UB LIFE – залуу үзэгч, уншигчдад зориулсан цахим мэдээ, амьдралын хэв маягт суурилсан контент бүтээгч платформ
Graph.mn- бие даасан, хараат бус мэдээ, контентыг орчин үеийн дүрслэл, уншигчдад ээлтэй байдлаар бүтээгч дижитал платформ
Lemon Press – санхүүгийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготойгоор ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллага
🔵“IFPIM Монгол” 2023 хөтөлбөр нь 2026 оныг дуустал үргэлжилнэ. Энэ хугацаанд бид хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүл зүйн үр нөлөөг нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц, стратеги, арга зүйгээр хангахыг зорьж байна. Түүнчлэн оролцогч байгууллагуудын стратегийн зорилготой уялдаатай санхүүгийн, менежментийн дэмжлэгийг олгосноор тэдний нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн чадамжид нь анхаарч байна.
🔴Дээрх байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн хугацаанд стратегийн зорилтуудыг нь биелүүлэхэд туслах “Алтангадас” зорилгыг тодорхойлсон билээ. Тэд “IFPIM Монгол” 2023 хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр тус зорилгоо танилцуулснаар нэвтрүүлж болох инновац, шинэлэг санаанаас бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хуваалцаж, тэдэнд тогтвортой хөгжлийн урам зоригийг өглөө.
Цаашлаад энэхүү арга хэмжээнд оролцохоор Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Айрин Жэй Лью ирж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн амжилтууд олон улсад жишиг туршлага болж байгааг онцлов. Тус олон улсын сан нь Монголын хөтөлбөрийн загварын ололт амжилтын кэйсуудыг зарим оронд нутагшуулан хэрэгжүүлж буйгаа дуулгалаа. Эцэст нь хэлэхэд “IFPIM Монгол” хөтөлбөр дараагийн элсэлтээ 2025 онд зарлахаас гадна монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг улам өргөн цар хүрээтэйгээр дэмжихээр төлөвлөж байна.
Бид хэвлэл мэдээллийн энтрепренеруудад зориулагдсан тус арга хэмжээг “Медиа Монголиа 2024” үйл ажиллагааны хүрээнд хийсэн бөгөөд уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар зорьж байна.
“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн уралдааны шилдэг бүтээлүүд шалгарлаа
“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээ нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Монголын баримт шалгах төвийн санаачилгаар 2023 онд сонгуулийн үеэр тархдаг улс төрийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготойгоор байгуулагдсан. Сүлжээний гишүүн байгууллагуудын хувьд хуулийн фирм, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагууд, орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйн редакцуудаас бүрдсэн нийт 19 байгууллагатай.
Уралдаанд “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээн дэх сэтгүүл зүйн редакцууд оролцсон бөгөөн нийт есөн редакцын бүтээлээс сонгон шалгаруулжээ.
Тэргүүн байр – GoGo.mn мэдээллийн сайтын хамт олон “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг ВАКЦИН охидыг ҮРГҮЙ БОЛГОДОГ УУ?” цуврал бүтээл.
Хоёрдугаар байр – iToim.mn сайтын хамт олон “Уран, шар нунтгаар айлгасан “хортой” мэдээллийн мөрөөр” бүтээл.
Гуравдугаар байр – Хөвсгөл аймгийн Gerel Media Agency “Бэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн бэ?” сэдэвт бүтээл.
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний нэрэмжит, хуурамч мэдээллийн эсрэг сэтгүүл зүйн бүтээлийн анхны уралдааны нийт шагналын сан 12 сая төгрөг бөгөөд хуурамч мэдээллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Цаашид жил бүр уламжлал болгон Монголын баримт шалгах төв болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төв зохион байгуулахаар төлөвлөж байна.
Уралдааны зорилго нь эрүүл мэнд, улс төр, эдийн засгийн салбаруудад хамгийн ихээр тархдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, хор хөнөөлтэй хуурамч мэдээллийг баримтжуулах, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм.
Цахим өргөдөл: Утааны сонсгол хийцгээе. Төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая!
Хүйтний эрч чангарахтай зэрэгцээд Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлын асуудал жил ирэх тусам санаа зовоож буй билээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн өргөдөл гомдлын системд иргэн Б.Мөнгөнхишиг “агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардсан өргөдөл гаргаад байна.
Өргөдлийн хэсгээс:
“Дэлхий дахинд агаарын бохирдлоос шалтгаалсан нас баралт 100,000 хүн амд 92 байхад Монгол улсад 132 байгаа нь дэлхийн дунджаас даруй 30%-иар илүү болж, хүн амаа өсгөх бодлоготой Монгол улсад маш том гарз хохирол юм. Агаар орчны бохирдол тогтмол нэмэгдэж байгаа нь эрүүл иргэд өсөж торниход сөргөөр нөлөөлж байна. Агаарын бохирдол NO2 50% буурвал багтраа өвчнөөр оношлогдох шинэ тохиолдол 2019 онд 60 байсан 2027 он гэхэд 10 болж буурна гэсэн тооцоолол гарсан. Иймд Нийтийн сонсголын тухай хуулийн 6.2.2.ерөнхий хяналтын; 6.2.3.төсвийн хяналтын; 6.2.9.хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах шаардлагыг хүргүүлж байна.”
2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны 18:00 цагийн байдлаар 9,549 хүн уг өргөдөлд гарын үсэг зурж, дэмжжээ. Арванхоёрдугаар сарын 22-ноос өмнө нийт 70,000 хүн дэмжвэл үргэлжлүүлж хяналт, шалгалт явуулах боломжтой болох юм.
Та өөрийн хувь нэмрээ оруулж, өргөдөлд гарын үсэг зурах бол энд дарна уу.
Баримт шалгагч Б.Үүрцайх: Мэдээлэлд хэрсүү байх хандлагад суралцахад баримт шалгах ажил ихээхэн нөлөөлсөн
ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжсэн “Хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх нь” төслийн хүрээнд “Баримт шалгагч оюутан клуб” байгуулагдаж МУИС, ХИС, СУИС-ийн РТМУС-ийн оюутнууд баримт шалгалтын талаар шинэлэг олон ажлуудыг хийжээ. Энэ төслийн үр шимийг хүртэгчдийн нэг, МУИС-ийн сэтгүүл зүйн 4-р дамжааны оюутан, “Монголын баримт шалгах төв”-ийн баримт шалгагч Б.Үүрцайхын түүхийг хуваалцаж байна.
...“Баримт шалгагч” нар миний мэдэхгүй олон төрлийн хэрэглүүр ашиглаад цахим орчинд тархдаг хуурамч мэдээлэл, тархи угаалтаас сэргийлэн, мэдээлэлд ‘хяналт’ тавьдаг хүмүүс юм байна. Ойр суусны ачаар олон талын мэдээллийг бусдаас арай илүү аминчхан авчихав. Би чинь сэтгүүлчээр сурдаг, ирэх намар төгсөх ангид элсэн орох оюутан хүн. Багш нар маань ч аливаа мэдээг баримтаар баталгаажуулах нь сэтгүүлч хүнд байх зайлшгүй ур чадвар, ялангуяа нийгмийн сүлжээний хуудснуудаар үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд хурдацтай тархдаг болсон өнөө үед бүр ч чухлыг үргэлж сануулдаг.”
“Хүмүүс анхдагч байдлаар мэдээлэлд шууд итгэдэг ч түүнд хоёр, гурван тал байж болно…” Тэр өдрөөс надад ийм нэгэн чухал өгүүлбэр тодоос, тод үлдсэн юм. Хичээл дээр ч тэр, фэйсбүүк, инстаграмаа дээш, доош гүйлгэхэд ч тэр энэ өгүүлбэр л бодогдоно. Ингэж байтал хичээл хаагдах ч дөхлөө. Фэйсбүүкээ эргүүлж байтал “Дадлагажигч оюутан авна” гээд нөгөө очиж суусан сургалтыг зохион байгуулсан газраас зар орчихож.
Нөгөө өгүүлбэрийг тархиндаа бодсоор байсан би бараг өөрийн жолоогүйгээр тэр газар явж очсон байсан. Эхэндээ учраа олохгүй, юу хийгээд байгаагаа ч сайн ойлгохгүй. Ямар хэрэглүүрийг ямар мэдээлэлд ашиглах, ямар эх сурвалжаас, хаанаас тодруулах, яагаад үүнийг бусдад тайлбарлах хэрэгтэй гэх мэт эргэлзэх зүйл олон. Гэхдээ сайн багийнхан, дадлага удирдагчийнхаа ачаар энэ байдал удаан үргэлжилсэнгүй, дороо л учраа олоод эхлэв. Урам орсон.
Баримт шалгах үйл ажиллагаа эрэн сурвалжлах сэтгүүлзүйн шинжийг агуулдаг. Аливаа мэдээлэлд гаргацгүй, учир дутагдалтай хандаж хэзээ ч болохгүй. “Үүний учир шалтгаан юу вэ? Яагаад ийм байх ёстой вэ? Энэ зүйл ийм учраас хуурамч байж болзошгүй. Шууд итгэж болох уу? Яагаад?” гэх зэргээр маш их судалгаа хийдэг. Би ч бараг энэ үйл явцад “донтож” эхэлсэн. Яг дотор нь ороод шалгахаар шуугиан болж байгаа олон мэдээллүүдийн ард ямар их учир шалтгаан байдаг юм бэ гэдгийг улам бүр ойлгож эхлэв.
Энд дарж үргэлжлүүлж уншаарай.
Олон улсын зөвлөмж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үнэлгээ
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулахад чиглэсэн санал, зөвлөмжөө танилцууллаа
“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага Хууль зүйн яамнаас боловсруулсан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн зарим хэсгийг илүү боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн санал зөвлөмжөө танилцууллаа. Мөн тус байгууллагаас энэхүү хуулийн төсөл нь Монголын сэтгүүл зүйн эрх чөлөө, хараат бус, олон ургальч байдлыг цаашид ханган баталгаажуулахад чиглэсэн эерэг алхам боллоо гэв.
2024 оны аравдугаар сард Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх төслөө танилцуулсан. Засгийн газрын үзэж буйгаар, тус хуулийг ийнхүү шинэчлэх нь хариуцлагатай сэтгүүл зүй бүхий хэвлэл мэдээллийн олон талт орчин хөгжих явдлыг дэмжих, санаа зовоох хэмжээнд доройтсоор буй хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг сайжруулах зорилготой юм.
Монгол Улс “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагаас танилцуулдаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтээр 2020 оноос хойш 36 байраар ухарсан бөгөөд 2024 онд дэлхийн 180 орноос 109-д эрэмбэлэгдэж байна.
“Энэ төсөл нь Монголын сэтгүүлчдэд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн том зорилго бүхий нааштай хуулийн төсөл болжээ. Уг төслийг зарим талаар сайжруулах шаардлагатай. Гэхдээ Парламентаар хэлэлцэх асуудлын үндэс суурийг зөв тавих төсөл болсон гэж RSF үзэж байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль баталснаар Монгол Улс газарзүйн хувьд Орос, Хятадын авторитар дэглэмийн дунд орших, далайд гарцгүй орон байхаас үл харгалзан хэвлэлийн эрх чөлөө, олон нийтийн найдвартай мэдээлэл авах эрхийг эрхэмлэн дээдэлдэгээ харуулах болно.”
- Антуан Бернард, RSF-ийн Нөлөөлөл, дэмжлэг тусламжийн асуудал хариуцсан захирал
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг сайжруулахад RSF-аас гаргасан үндсэн таван зөвлөмжийг танилцуулж байна.
1. Сэтгүүл зүйн тодорхойлолтыг илүү нарийвчлан томъёолох.
2. Хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг баталгаажуулах.
3. Эх сурвалжийн хамгаалалтыг сайжруулах.
4. Өөрийн зохицуулалтын хэм хэмжээг тодорхой бүтэцтэйгээр дэмжих.
5. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшил, санхүүжилтийн ил тод байдлыг зохистой хэмжээнд нэмэгдүүлэх.
Мэдэгдлийг бүрэн эхээр энд дарж уншаарай.
“CIVICUS Monitor” Монгол Улсын иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үнэлгээг “саадтай” болгож бууруулжээ
Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар судалгаа гаргадаг CIVICUS Monitor байгууллага энэ жилийн судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд Монгол Улсын оноо өмнөх жил 67 байснаас 60 болж буурчээ. Ингэснээр шар өнгөөр тэмдэглэгдсэн “Саадтай” гэсэн ангилалд орж байгаа юм.
CIVICUS Monitor нь 198 улс болон нутаг дэвсгэрийн иргэний нийгмийн төлөв, иргэний эрх чөлөөний талаарх тоон болон чанарын мэдээллээр хангадаг судалгааны хэрэгсэл юм. Иргэний нийгмийн судалгааны 20 гаруй түншүүдтэй хамтран ажиллаж, олон тооны бие даасан хүний эрхийн үнэлгээний санал, дүгнэлтээр дамжуулан уг мэдээллийг гаргажээ. Тухайн орнуудыг 1-100 хүртэлх оноогоор үнэлж, улаан (хаалттай), улбар шар (хязгаарлагдмал), шар (саадтай), бүдэг ногоон (нарийссан), ногоон (нээлттэй) гэсэн таван үнэлгээ тогтоодог.
“CIVICUS 2022 онд Монгол Улсын үнэлгээг дээшлүүлэхэд иргэний эрх чөлөөг бүх нийтээр сайжруулна гэсэн итгэл найдвар, хүлээлт өндөр байлаа. Тухайлбал Монгол Улс 2021 онд хүний эрхийн зүтгэлтнүүдийг хамгаалах хууль баталсан Азийн анхны улс болж байсан. Гэвч Ерөнхийлөгч Хүрэлсүхийн үед уг нөхцөл байдал дордож, үгээ хэлэхийг хүссэн хүмүүст хэцүү орчин бүрдэж байна. Авлигыг илчлэх, олон нийтийн мэдэх эрхийг хангахаар ажилладаг сэтгүүлчид сурвалжлага нь тэдний амыг таглах зорилготой хуурамч, үндэслэлгүй гүтгэлэг болж хувирахвий гэсэн айдас, заналхийлэл дор үргэлжлүүлэн ажиллаж байна”
-Жозеф Бенедикт, CIVICUS Monitor-ийн Ази Номхон далайн судлаач
Азид Афганистан, БНХАУ, Лаос, Мьянмар, Хонконг, Хойд Солонгос, Вьетнам зэрэг улсууд иргэний эрх чөлөө “хаалттай” ангилалд багтсан байна. Харин эрх чөлөө нь “хязгаарлагдмал” ангилалд Бруней, Камбож, Энэтхэг, Пакистан, Филиппин, Сингапур, Шри Ланка болон Тайланд оржээ. Япон улсын үнэлгээ 79-өөс 84 болж өссөнөөр Ази тивдээ хамгийн нээллтэй орноор тодорч, Тайвань 81 оноогоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр хоёр дахь “нээлттэй” улс болжээ.
Тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл унших бол энд дараарай.
Сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүд
Цахим орчинд мэдээлэл эрэн хайх, хөдөлмөр хөнгөвчлөх технологийн хэрэглүүрүүдийн сургалт
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв 2023 оноос Google News Initiative болон Ази, Америкийн Сэтгүүлчдийн нийгэмлэгийн цахим хэрэглүүр ашиглах, цахим орчинд эрэн сурвалжлага хийх сургалтын албан ёсны сургагч багшаар бэлтгэгдэн ажиллаж байгаа билээ.
2024 онд энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2 удаагийн сургалтыг зохион байгуулах гэж байна. Та дээрх өдрүүдээс өөрт тохирсон өдрийг сонгон сургалтад бүртгүүлж оролцоорой.
Сургалтаар дараах мэдлэгийг олж авах боломжтой:
Цахим хэрэглүүр ашиглан сэтгүүлчийн хөдөлмөрөө хөнгөвчлөх
Хиймэл оюун ухааныг өдөр тутмын үйл ажиллагандаа ашиглах
Цахим орчинд баримт шалгалт хийх, хайлтаа оновчлох
Сургалтын бүртгэлийн мэдээлэл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.
Дижитал контент бүтээгчид ба сэтгүүлчид: Онлайнаар хэрхэн найдвартай дуу хоолой болох вэ
Та өнөөгийн дижитал ертөнцөд үзэгчиддээ хэрхэн нөлөөлж, итгэлийг нь олох талаар сурмаар байна уу? Тэгвэл Америкийн Сэтгүүлзүйн Knight Center-ээс ЮНЕСКО-той хамтран зохион байгуулж буй “Дижитал контент бүтээгчид ба сэтгүүлчид: Онлайнаар хэрхэн найдвартай дуу хоолой болох вэ” дөрвөн долоо хоногийн үнэ төлбөргүй онлайн сургалтанд бүртгүүлээрэй.
2024 оны 11-р сарын 18-наас 12-р сарын 15* хүртэл дөрвөн модулийн хүрээнд та ёс зүйтэй, сонирхол татахуйц, найдвартай контентоор дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрхэн дэмжиж, олон нийтийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар суралцаж, дижитал контент бүтээх туршлагаа нэмээрэй.
*Сургалт аль хэдийн эхлээд явж байгаа тул өмнөх лайв хичээлүүдийг нөхөж үзээд, үргэлжилж байгаа лайв модулд оролцоод явах боломжтой шүү.
Сургалтын тухай дэлгэрэнгүйг энд дарж аваарай.
12-р сард хугацаа нь дуусах олон улсын дөрвөн хөтөлбөр
Бодит түүхээ визуалаар хуваалцах хөтөлбөр
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024.12.14
CatchLight болон MPB.com-оос зохион байгуулдаг CatchLight Global Fellowship нь визуал хэлбэрээр бодит түүхээ хуваалцах сонирхолтой хүмүүсийг хайж байна. Энэхүү 12 сарын хөтөлбөр нь 30,000 долларын шагналын сантай юм.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөр
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024.12.16
Колумбийн их сургууль 2025-2026 оны Обамагийн сангийн эрдэмтдийн хөтөлбөрт материал хүлээн авч байна. Тэтгэлэгт сонгогдвол ур чадвар, туршлагад суурилсан сургалтад хамрагдах бөгөөд тавилгатай студио байр, сарын тэтгэлэг болон бусад зардлаар хангана.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний олон улсын хурал
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024.12.20
Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний (Global Investigative Journalism Network) 2025 оны чуулгад өөрийн саналаа оруулах боломжтой боллоо. Сонирхсон илтгэгчид анхаарал татахуйц панель хэлэлцүүлэг, семинар эсвэл илтгэлээ англи хэл дээр илгээх хэрэгтэй. Бүгд ур чадварт суурилсан байх ёстой бөгөөд эрэн сурвалжлах болон дата сэтгүүлзүйн хэрэгсэл, арга техникийг багтаасан байх ёстой.
Уг олон улсын хурал 2025 оны 11-р сарын 20-24-ний өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотод болно.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Кино фестивал
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024.12.31
Хонконгийн олон улсын кино наадам 2024 оны 1-р сараас хойш бүтээсэн баримтат кинонуудыг хүлээн авч байна. Хүлээн авах бүтээлүүд нь англи хэл дээр эсвэл англи хадмалтай байх ёстой. Шагналын сан 3000 ам.доллар бөгөөд бүртгүүлэх хураамж 40-80 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай
Танд товхимол маань таалагдсан бол сэтгүүл зүйн талаар сонирхдог найз нөхөд, хамтран ажиллагсад, оюутнуудтайгаа хуваалцаарай. Бид 2 долоо хоног тутам салбарын тойм, шинээр зарлагдсан тэтгэлгүүдийн мэдээлэл зэргийг багцлан танд хүргэх болно.













