Монголоос JTI стандартад нэгдсэн 3 дахь байгууллага + сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүд
GoGo.mn сайт сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын (JTI) стандартад нэгдсэн гурав дахь байгууллага боллоо.
Өмнөтгөл
✨Pluma мэдээллийн товхимлын хорин хоёр дахь дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаартаа хиймэл оюун ухаанд суурилсан сэтгүүл зүйн платформоо олон улсад танилцуулсан тухай болон GoGo.mn сайт JTI стандартад нэгдсэн зэрэг мэдээллийг онцоллоо. Мөн олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд, сургалтуудын мэлээллийг бэлтгэн хүргэж байна.✨
Сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүд
“Орчин цагийн медиа экосистемийн өөрчлөлтөд карьераа удирдах нь” үнэгүй сургалт
Сургалт үргэлжлэх хугацаа: 2025.10.06-2025.11.02
Knight Center-ийн үнэ төлбөргүй онлайн сургалтад хамрагдаарай. Дөрвөн долоо хоног үргэлжлэх энэхүү сургалтаар 20 гаруй жилийн туршлагатай сэтгүүлч Бриджет Торесон орчин үеийн хэвлэл мэдээллийн экосистемийн өөрчлөлтийг өөрийн карьертай уялдуулж, мэргэжлийн хүрээнд тулгарч буй асуудлуудаа даван туулж, шинэ ур чадвараа нээх талаар заах гэж байна.
Сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюун ухааны фестивал
Бүртгэл хаагдах хугацаа: 2025.11.03
Journalism AI фестивал (Сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюун ухаан) 2025 оны 11-р сарын 11, 12-нд Лондон хотод болох гэж байна. Google News Initiative-ийн дэмжлэгтэйгээр Journalism AI санаачлан хэрэгжүүлдэг уг фестивал таван жилийн хугацаанд анх удаагаа биетээр зохион байгуулагдах аж.
Сэтгүүл зүй болон хиймэл оюун ухааны онцлох үйл явдлуудыг тэмдэглэж, туршлага солилцох олон улсын томоохон арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцоорой. Биетээр оролцож амжихгүй тохиолдолд урьдчилж бүртгүүлээд хэлэлцүүлэг, арга хэмжээний бичлэгийг онлайнаар үзэх боломжтой.
Харин Лондонд биетээр оролцох суудлын тоо хязгаартай тул 11-р сарын 3-наас өмнө доорх холбоосоор орж хүсэлтээ илгээсний дараа шалгарсан тохиолдолд оролцох юм.
Байгаль орчны гэрэл зургийн тэтгэлэг
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025.09.16
Vital Impacts-аас хүрээлэн буй орчны гэрэл зурагчдад зориулан “Vital Impacts” байгаль орчны гэрэл зургийн тэтгэлэг зарлажээ. Тэтгэлгээр шийдэлд суурилсан байгаль орчны агуулгыг онцолсон баримтат төслүүдийг санхүүжүүлнэ. Тухайлбал Номхон далайн баруун хойд хэсэг болон Амазоны ширэнгэн ойн талаар хөндсөн байвал давуу талтай. Шалгарсан нэг гэрэл зурагчин 20,000 ам.долларын тэтгэлэг, шинээр гарч ирж буй таван гэрэл зурагчин тус бүр 5,000 ам.долларын тэтгэлгээр төслөө хөгжүүлэх болно.
Хүрээлэн буй орчны тулгамдаж буй асуудлыг баримтжуулахад чиглэх уг тэтгэлэг нь гэрэл зурагчин тус бүрийн төслийг арван хоёр сарын хугацаанд дэмжих юм.
Асууж, тодруулах зүйл байвал hello@vitalimpacts.org имэйл хаягаар холбогдоорой.
Reuters институтын “Cynefin” тэтгэлэгт хөтөлбөр
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025.09.29
Хүртээмжтэй сэтгүүл зүй Cymru (Inclusive Journalism Cymru) байгууллагын дэмжлэгтэй Reuters институтын хэрэгжүүлж буй “Cynefin” тэтгэлэгт хөтөлбөрт материал хүлээн авч байна.
Энд дарж өмнө жилүүдийн тэтгэлэгт хөтөлбөрийн төслүүдтэй танилцаарай.
Сонгогдсон сэтгүүлч 2026 оны 1-р сараас 3-р сар хүртэл Оксфордод нэг семистэр суралцаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн салбарын төлөөллүүдтэй нэтворк хийж, салбартаа хамтран ажиллах юм. Тухайлбал, орхигдсон, гадуурхагдсан, эрх нь зөрчигдсөн хүмүүс болон олон нийтийн оролцоо, эрх ашгийг хамгаалах чиглэлд инновац, системтэй өөрчлөлт авчрах төсөл санаачлан хэрэгжүүлэх юм.
Дотоодын онцлох
GoGo.mn сайт JTI стандартад нэгдэн, гэрчилгээгээ баталгаажууллаа
GoGo.mn сайт сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын Journalism Trust Initiative (JTI) стандартад нэгдсэн гурав дахь байгууллага боллоо.
2024 онд Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв уг стандартыг баталгаажуулсан Монголын анхны хэвлэл мэдээллийн байгууллага болж байв. Мөн “Зууны мэдээ” сонины хамт олон хоёр дахь гэрчилгээг гардаж байсан билээ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус санаачилгад нэгдэх боломжтой бөгөөд Монгол дахь албан ёсны бие төлөөлөгчөөр Үүр төв ажиллаж байна.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн JTI стандартыг баталгаажуулах нь ил тод байдал, итгэлцэлийг бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэхүү санаачилгыг Хил Хязгааргүй Сэтгүүлчид (Reporters Without Borders) байгууллагаас санаачлан 130 гаруй мэргэжилтний тусламжтай бүтээж 2018 онд олон нийтэд танилцуулж байв.
Хил хязгааргүй сурвалжлагчдын санаачилсан Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI) нь олон улсын ISO стандартад суурилсан бөгөөд Европын Стандартчиллын хорооны ивээл дор хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн холбоо, төрийн бус байгууллага, компаниуд болон олон улсын байгууллагууд үнэ төлбөргүй, хараат бус, баталгаажуулсан мэдээллийг сурталчлах зорилгоор нэгдсэн байна. Итгэлцлийн шалгуурт нэгдэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд 130 асуулт бүхий асуумжид хариулж, тухайн хариултаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар үнэлүүлэх бөгөөд аудитын шалгуурыг хангасан байгууллагад хоёр жилийн турш хүчин төгөлдөр ашиглагдах баталгаажуулалтыг олгох юм. Улмаар тухайн баталгаажуулалт бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтлэл нэвтрүүлэгт Олон улсын сэтгүүл зүйн итгэлцлийн шалгуурыг хангасан гэх тэмдэглэгээ харагдана.
Мөн итгэлцлийн шалгуурыг хангасан байгууллагын бүтээлүүд Bing дэх хайлтын илэрцэд түрүүлж харагдах, Дэлхийн зар сурталчилгааны холбоотой хамтран ажиллах, олон улсын байгууллагуудаас санхүүжилт авахад нэр хүндийн баталгаа болох зэрэг олон давуу талтай юм.
Хиймэл оюун ухаанд суурилсан сэтгүүл зүйн платформоо олон улсад танилцуулаа
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв НҮТББ нь Лондонгийн Их Сургуулийн дэргэдэх Journalism AI (Сэтгүүл зүйн салбар дахь хиймэл оюун ухаан) байгууллагын дэмжлэгтэйгээр мэдээллийн экосистемийн дүн шинжилгээ хийх, баримт шалгах үйл ажиллагааг оновчлох хиймэл оюун ухааны хэрэглүүр хөгжүүлж байгаа билээ.
Бид Journalism AI-ийн дэмжлэгтэйгээр эдгээр хэрэглүүрийн бета хувилбарыг хөгжүүлж дуусаад байгаа бөгөөд технологийн шийдлээ олон улсын мэдээллийн орчны оролцогч, экспертүүдэд танилцууллаа.
Хиймэл оюун ухааны хэрэглүүрүүд нь бидний хөгжүүлж буй нээлттэй эхийн Pluma.media платформ дээр ажиллах бөгөөд хиймэл оюун ухааны хөгжүүлэлттэй зэрэгцэн Pluma платформ хэрэглэгчдэд хүрч эхэлж байгаа юм.
Чөлөөт сэтгүүлчдэд бүтээлээ туурвих чөлөөт орон зайг бий болгож, орлогын загварыг санал болгохын зэрэгцээ уншигчдад төдийлөн хөндөгддөггүй сэдвүүдээр мэдээлэл олж авах боломжийг олгох энэхүү платформд одоогоор 56 сэтгүүлч бүртгүүлэн чөлөөт хэлбэрээр мэдээлэл нийлүүлж байна.
Энэхүү шийдлийг олон улсын мэргэжилтнүүд мэдээллийн экосистемийг чөлөөлөх, иргэдийн мэдэх эрхийг хангах шинэ үеийн шийдэл хэмээн үнэлж байгаа юм.
Плюма платформыг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ, Faro Technologies компанитай хамтран хөгжүүлж байгаа бөгөөд цаашид платформын менежментийг Плюма ХХК хэрэгжүүлж, сэтгүүлчдийн ур чадварт чиглэсэн сургалт хөгжлийн асуудлыг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв хариуцан ажиллах юм.
Гадаадын онцлох
Сэтгүүл зүйн бүтээгдэхүүний менежмэнт: 2025 оны судалгаа
News Product Alliance (NPA) байгууллагаас 69 орны 305 байгууллагын 500 гаруй сэтгүүл зүйн бүтээгдэхүүн хөгжүүлэгчдийг хамарсан судалгаа хийсэн нь хэвлэл мэдээллийн салбар дахь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн өнөөгийн байдлыг зурагласан хамгийн өргөн цар хүрээтэй судалгаа болжээ. Бүтээгдэхүүний менежмент нь “Юу сэтгүүл зүйг хүмүүсийн амьдралд чухал болгодог вэ?” гэсэн асуултад хариулах чухал хүчин зүйл болж буй бөгөөд ач холбогдол нь нэмэгдсээр байна. Судалгааны онцлох үзүүлэлтүүдийг хуваалцаж байна.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлт редакцын чухал хэсэг болох нь
Сэтгүүл зүйн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтнүүд байгууллагын төсөв, стратеги, цаашид юу хийх зэрэгт өмнөхөөсөө илүү бодит нөлөө үзүүлж байна.
Судалгаанд оролцогчдын 42 орчим хувь нь бүтээгдэхүүнтэй холбоотой албан ёсны албан тушаалтай. Харин үлдсэн хувь нь албан үүрэг нь биш байсан ч бүтээгдэхүүнтэй холбоотой ажил өдөр тутамдаа хийдэг байна.
Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 67 хувь нь албан ёсны бүтээгдэхүүний багтай байсан бөгөөд 45 хувь нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан гүйцэтгэх захиралтай (бүтээгдэхүүн хариуцсан ахлах түвшний ажилтан) гэсэн үзүүлэлт гарчээ.
Ахицтай болон өөрчлөлт хийх шаардлагатай талууд
Маш сайн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багтай редакциуд илүү амжилттай ажиллаж байна. Цаашлаад уншигчид, бизнесийн аль алинд нь илүү хамтын ажиллагаа, тодорхой бүтэц бий болгох ач холбогдолтой. Ийм багийн нэг хэсэг болсноор хүмүүсийн манлайлал нэмэгдэж, үүрэг хариуцлага нь илүү тодорхой байдаг.
Гэвч судалгаагаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага бүтээгдэхүүнтэй холбоотой ажлыг албан бус, стратегийн гэхээсээ илүү үндсэн ажил үүргээс гадуурх үүрэг гэж тодорхойлсон байна. Эсвэл хүн хүч дутмаг байдгаас бүтээгдэхүүнтэй холбоотой үүрэг тодорхойгүй, дэмжлэг хангалтгүй байх хандлага ажиглагджээ.
Сэтгүүл зүйн бүтээгдэхүүн яагаад чухав вэ?
ллийн салбар хувьсан өөрчлөгдөхийн хэрээр (технологи, хүмүүс мэдээллийг хүлээж авах байдал, уншигчдын хүлээлт) чанартай бүтээгдэхүүн хөгжүүлэх нь сэтгүүл зүйг чухал, найдвартай, инновацтай хэвээр үлдэхэд тусалдаг.
Мэдээг ач холбогдлоор нь эрэмбэлдэг News Minimalist хэрэглүүр
ChatGPT ашиглан мэдээг ач холбогдлоор нь эрэмбэлдэг хэрэглүүрийг туршаад үзээрэй. News Minimalist нь өдөр бүр 30,000 нийтлэлд дүн шинжилгээ хийж, 0-ээс 10 хүртэлх оноо өгдөг аж. 5-аас дээш үнэлгээтэй нийтлэлүүд нь дэлхийн чухал үйл явдлуудын тухай бол ач холбогдол багатай мэдээллийн тайлбар нь илүү богино харагдах юм. Уг хэрэглүүр нь дэлхийд өрнөж буй мэдээллийн хэтийн төлөвийг харуулахын тулд 12 хэлээр мэдээ цуглуулдаг.
Танд товхимол маань таалагдсан бол сэтгүүл зүйн талаар сонирхдог найз нөхөд, хамтран ажиллагсад, оюутнуудтайгаа хуваалцаарай. Бид 2 долоо хоног тутам салбарын тойм, шинээр зарлагдсан тэтгэлгүүдийн мэдээлэл зэргийг багцлан танд хүргэх болно.
Forwarded this email? Subscribe here for more.









