Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгуулийн үеэр хэрхэн ажиллах вэ?
Өмнөтгөл
Pluma мэдээллийн товхимлын тав дахь дугаар танд хүрч байна. Сонгуулийн үеэр хэрхэн ажиллах тухай мэргэжилтнүүдийн зөвлөмж, үйл явдал, төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээлэл, тэтгэлэг, судалгаа зэрэг агуулгуудыг хүлээн авч уншаарай.
Дотоодын тойм
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ?
2024 он дэлхий дахинд сонгуулийн жил гэгдэж буй бөгөөд энэ онд дэлхийн 90 гаруй улсад сонгууль зохион байгуулагдаж өдгөө ч үргэлжилсээр байна. УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр дөхөж, орон нутгийн сонгууль ойртож буй энэ цаг үед хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр үүрэг хариуцлага үүрдэг тул сонгуулийн үеэр хэрхэн ажиллах талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авлаа.
Сонгогчийн боловсролд анхаарч, мэдрэмжтэй мэдээлэх нь чухал
Азийн сангийн MACSS (Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах төсөл) төслийн иргэний нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Чанцалдулам
Сонгогчдын идэвх оролцоог сайжруулах, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сонгогчдод таниулах, сонгуулийн тогтолцоо зохион байгуулалтын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг тэгш, хүртээмжтэй хүргэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын салшгүй үүрэг, нийгмийн өмнө хүлээсэн чухал хариуцлагын нэг. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор саналын хуудасны загвар ч өөрчлөгдсөн. Саналын хуудаст таван нэр дэвшигч байлаа гэхэд нэг намын таван хүнийг л дугуйлахгүй бол тухайн саналын хуудас хүчингүй гэсэн эндүү ташаа ойлголт олон нийтийн дунд ажиглагдаж байна. Тиймээс энэ чиглэлийн мэдээллүүдийг тогтмол хүргэх хэрэгтэй. Мөн улс төрийн нам эвсэл бүрийн дуу хоолойг хүргэж, тэнцвэртэй мэдээлэх, хэвшмэл ойлголтод тулгуурлан эмэгтэй нэр дэвшигчдийн нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл түгээхгүй байх, намуудын мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж танилцуулах, зэргээр ажиллах нь чухал.
Сонгуулийн үеэр баримтлах журам баталж, мөрдлөг болгон ажиллаж байна
Itoim.mn сайтын Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг
Сонгуулийн үеэр редакцууд сурталчилгааны гэрээ байгуулж, нийтлэл нэвтрүүлэг түгээдэг. Гэхдээ энэ нь “аль нэг нэр дэвшигчийг хэт дэмжлээ, нам эвслийн талд орлоо” гэх мэт шүүмжлэлд өртөж, цаашилбал уншигчдаа алдах эрсдэл болж байна. Сонгуулийн дараа ч редакцуудын үйл ажиллагаа үргэлжлэх учраас сурталчилгааны материал түгээхээс гадна уншигчийн эрэлтэд нийцсэн мэдээ нийтлэл тогтмол түгээж, мэдээллийн урсгалаа тэнцвэртэй авч явах хэрэгцээ шаардлага ажиглагдсан. Манай сайтын хувьд ч зарим нэг бэрхшээлүүдтэй нүүр тулсан. Тиймээс бид бүхэн УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахаа мэдэгдэж, сонгуулийн үеэр ажиллах бодлогын баримт бичгийг тусгайлан баталсан. Эдгээр зарчмуудыг редакцын бодлогодоо тусгасан байсан боловч журам болгон албажуулж, олон нийтэд ил тод зарласан нь чухал ач холбогдолтой гэж харж байна. Бусдын нэр хүнд, хувийн мэдээдэлд хүндэтгэлтэй хандаж, нэр дэвшигчдийг гүтгэсэн харуулсан, баримт нотолгоогүй мэдээлэл түгээхээс татгалзахаас гадна сэтгүүл зүйн бүтээлүүддээ урьд өмнөхөөсөө илүү соргог хандаж, сонгогчдын боловсрол, нийтийн эрх ашигт чиглэсэн, тэнцвэртэй мэдээллүүдийг түлхүү хүргэх болно. Энэ хүрээнд “Сонгууль-2024” гэсэн цэс үүсгэж, сонгуулийн мэдээ мэдээллийг нэг дороос хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа. Мөн нам, эвсэл, бие даагчдын сурталчилгааны мэдээ мэдээллийг оруулахдаа заавал эх сурвалж, тэмдэг тэмдэглэгээтэйгээр түгээж байна. Төлбөртэй мэдээ түгээхдээ агуулгыг нарийн нягтлах нь чухал. Манай редакц сүүлд Ардчилсан намын гишүүн бусдын гарт амь насаа алдсан талаарх мэдээллийг нийтэлсэн нь шүүмжлэлд өртсөн. Агуулгыг бүрэн нягтлалгүйгээр яаран нийтэлсэн нь алдаа болсон. Дараа дараагийн сонгуулиар илүү хянамгай ажиллах шаардлага үүсч байна.
Редакцууд олон талын эх сурвалжаар сошиалаас ялгарч ажиллах хэрэгтэй
СИХҮТ-ийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг
Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд тэнцвэртэй, бодит мэдээлэл түгээхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ хоёрт л анхаарахад нэлээд тулхтай багана болж өгнө. Редакцын цензур буюу эздийн нөлөөлөл хамгийн их илэрдэг энэ үед сэтгүүлчдийн нийтлэл, нэвтрүүлэг нь хэт нэг талыг барьж туйлшрах нь салбараа унагаж, итгэж болох баталгаат эх сурвалж байх үнэ цэнээ алддаг. Тиймээс редакцууд сонгуулийн дараа ч цаашдаа урт хугацаанд нэр хүндтэй оршин тогтнохоо ухамсарлаж, сэтгүүлчдэдээ тэнцвэртэй байдлаар ажиллахад нь саад болдоггүй байхыг хичээгээсэй. Сэтгүүлчдийн хувьд шуугиан дагаж хөөсрөх биш, харин баримтаар шалгаж, найдвартай, олон талын эх сурвалжаас мэдээллээ цуглуулбал сошиалаас ялгарах юм. Сонгуулийн мөчлөг хооронд хуурамч мэдээлэлтэй холбоотой янз бүрийн үзэгдлүүд ажигллагддаг. Өнөөх л бохир технологи явсаар байна. Энэ жилийн хувьд шинээр хүч түрэн орж ирж байгаа нь хиймэл оюун ашигласан зураг, бичлэг, аудио ихээр цацагдах төлөвтэй. Үүнийгээ тролл буюу нэг хүн олон хаяг удирдан түгээж, олон нийтэд хүргэж байна. Улстөрчдийн сошиал хаягийг олон хүн дагаж, дэмжиж байгаа мэтээр хандалтыг өсгөдөг үзэгдлийг астротурфинг гэж нэрлэдэг. Энэ нь хиймэл зүлэг хийдэг брэндээс гаралтай нэр л дээ. Ингэж хуурамч хаягаар идэвхжүүлсэн мэдээллүүдэд иргэд хууртаж, хариу үйлдэл үзүүлснээр илүү чухал мэдээллийг авах цахим орон зайгаа алдаад байна гэсэн үг.
Мэдээллийн боловсрол олгох Асуу автобус иргэдэд үйлчиллээ



Монголын баримт шалгах төв хуурамч мэдээлэл, пропаганда ямар учраас хэрхэн түгдэг шалтгааныг таниулан, бодит зөв мэдээллийг авахад туслах зорилготой Асуу мэдээллийн аяны хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дэмжлэгтэйгээр “Баруун салаа-Халдварт” чиглэлд мэдээллийн автобус ажиллууллаа. Иргэд зорьсон газар руугаа явах замдаа сургалтад хамрагдан, хуурамч мэдээллийг шалгах анхан шатны арга зүйд суралцсанаас гадна пропаганда түүний зорилго, арга хэрэгслийн талаар мэдээлэлтэй болж, агуулгын хүрээнд асуулт хариултын тэмцээнд оролцсон юм.
Асуу аяныг АСУУ чатботыг хөгжүүлэгч Meedan болон Харилцааны холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд аяны мэдээллийн хамтрагчаар Ноорог медиа ажиллаж байна.
Мета компани Асуу чатботын ашиглалтыг дэмжинэ
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв дэлхийн 29 хэл дээр ашиглагддаг, хиймэл оюун ухаанд суурилсан Check платформын Монгол хувилбар Асуу чатботыг технологийн түнш Meedan компанийн тусламжтайгаар хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн билээ. Нийгмийн өөр өөр бүлгүүдэд олон янзын хэл дээр мэдээлэл авах боломж олгож, хүртээмжтэй, үнэн бодит мэдээлэл хүргэх энэхүү ажлыг Мета компани 2024 оны зургаа болон долоодугаар сард дэмжихээр боллоо. Тус чатбот нь АНУ, Бразил, Индонез зэрэг дэлхийн олон орны сонгуулийн үеэр хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж, баримтаар шалгасан үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжийг олгож ирсэн байна. Асуу чатботыг ашиглахын тулд Монголын баримт шалгах төв рүү чатаар холбогдон “Асуугаас асууя” цэсийг сонгож хайж буй асуулт, линк, зураг, бичлэг зэргийг илгээж хүссэн асуултдаа хариулт авах боломжтой юм. Асуу чатботыг хэрхэн ашиглах тухай дараах бичлэгээс мэдээлэл авах боломжтой.
Редакц чадавхжуулах менторшип хөтөлбөрийн шилдэг оролцогчид шалгарлаа
Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төв Улаанбаатар хотын найм, орон нутгийн арван редакц болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарыг хамруулан баримт шалгах үйл ажиллагааг нэвтрүүлэх, дэмжих хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд редакцуудад сургалт зохион байгуулж, байнгын баримт шалгах үйл ажиллагаа нэвтрүүлэхэд зориулсан нийт 18 сая төгрөгийн төсөв бүхий төслийн шалгаруулалт зарласан юм. Төслийн шалгаруулалтын дүн гарч Graph.mn, Unuudur.mn сайт болон Өвөрхангай аймгийн Цангис.мн сайт, Хөвсгөл аймгийн Гэрэл сэтгүүл, Дорнод аймгийн D1 ТВ, Дорнод сонин, Баянхонгор аймгийн Номгон телевиз гэсэн 6 редакцын төсөл шилдэг санаачилгаар шалгаран, санхүүжилт авах боломжтой боллоо. Шалгарсан хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн санаачилсан төслөө хэрэгжүүлж, редакцын баримт шалгалтыг хэрхэн идэвхжүүлэх талаар тогтмол зөвлөгөө дэмжлэг авч, сургалтаар эзэмшсэн мэдлэгээ практикт хэрэгжүүлэн ажиллах юм. Тус арга хэмжээ ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байна.
АI-д суурилсан Асуу чатботыг хөгжүүлэх ажил үргэлжилж байна
Монголын баримт шалгах төвийн дэргэдэх "Баримт нэн тэргүүнд" үндэсний сүлжээний гишүүн Lemonpress, Gogo.mn, itoim.mn, unnu.news болон Зууны мэдээ сонины редакцууд “Асуу” баримт шалгалтын чатботыг албан ёсоор ашиглаж эхлэн, өгөгдлийн санд мэдээллүүдээ оруулж эхэллээ. Уншигчдад баримтаар шалгасан мэдээллийг хүлээн авах боломжийг бүрдүүлж буй тус чатботоор дамжуулан мэдээллийн хүртээмжээ сайжруулахаас гадна хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн контентын бодлого боловсруулах, судалгаа хийх гэх мэт олон төрлөөр ашиглах боломжтой юм. Тус платформ нь Check нэрээр дэлхийн 29 хэл дээр ашиглагддаг бөгөөд АНУ, Бразил, Индонез зэрэг дэлхийн олон орны сонгуулийн үеэр хуурамч ташаа мэдээлэлтэй тэмцэхэд хувь нэмэр оруулж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжийг олгож ирсэн байна. Асуу чатботыг Үүр төв Дэлхийн 46 орны 170 гаруй редакц, баримт шалгах төвтэй хамтран ажилладаг Meedan технологийн компанийн тусламжтай хөгжүүлсэн билээ. Meedan нь 2024 оны Skoll Award-аас Social Innovation шагналыг хүртсэн дэлхийн шилдэг байгууллагуудын нэг юм.
Товчхон
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн, Элчин сайд Жэннифер Браш болон Хэвлэл мэдээллийн аналист Иван Годарски, Улс төрийн аналист Жулиа Манчин нар Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-д зочилж сонгуулийн үеийн хуурамч мэдээлэл, түүнийг бууруулахад авах арга хэмжээний талаар санал солилцлоо.
Үүр төвийн сэтгүүлчид France 24 телевизийн сэтгүүлчидтэй хамтран ажиллаж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар түүнээс шалтгаалсан байгалийн үзэгдэл малчдын амьдралд хэрхэн нөлөөлж буйг сурвалжиллаа. Мөн ногоон автобусны дуулиан, авлигын хэргийн талаар мэдээлэл бэлтгэж байна.
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ /Үүр төв/ болон Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг Deustche Welle академийн MIL буюу мэдээллийн боловсрол олгох хөтөлбөртэй танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монголын баримт шалгах төвийн ахлах баримт шалгагч Ш.Билгүүн Дэлхийн баримт шалгагчдын дээд хэмжээний уулзалт GlobalFact-11-т оролцож байна. Poynter's International Fact Checking Network (IFCN)-ээс зохион байгуулдаг тус арга хэмжээ нь 6-р сарын 26-28-ны өдрүүдэд Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод яг одоо үргэлжилж буй.
🙏 Танд товхимол маань таалагдаж байна уу? Хэрэв тийм бол сэтгүүл зүйн талаар сонирхдог найз нөхөд, хамтран ажиллагсад, оюутнуудтайгаа энэхүү мэдээллийн хуудсыг хуваалцаарай. Бид 2 долоо хоног тутам салбарын тойм, шинээр зарлагдсан тэтгэлгүүдийн мэдээлэл зэргийг багцлан таны шуудангийн хайрцагт хүргэж байх болно.
Тэтгэлэг
НҮБ-ын биологийн олон янз байдлын бага хурлыг сурвалжлах тэтгэлэг
Өргөдөл гаргах сүүлийн хугацаа: долдугаар сарын 6
Internews дэлхийн сэтгүүл зүйн сүлжээ (EJN)-ээс НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцийн COP16 хурлыг сурвалжлах тэтгэлгийг бага дунд орлоготой орны сэтгүүлчдэд санал болгож байна. Тус хурал аравдугаар сарын 24-өөс арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Колумбын Кали хотод болох юм. Тэтгэлэгт хамрагдах таван сэтгүүлчийг шалгаруулах бөгөөд онгоцны тийз, байр, хоол, аяллын даатгал, тээврийн зардлыг бүрэн санхүүжүүлэх аж.
Өргөдөл гаргагч нь:
Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг мэргэжлийн сэтгүүлч байх бага эсвэл дунд орлоготой улсыг төлөөлөн сурвалжлага хийх боломжтой байх
Өмнө нь биологийн олон янз байдлын асуудлаар сурвалжлага хийж байсан туршлагатай байх ба чуулганыг сурвалжлахдаа ямар нийтлэл бэлтгэхээ тодорхой тусгасан байх
Бэлтгэсэн мэдээ сурвалжилгыг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл түгээн нэвтрүүлэх боломжтой байх
Сүүлийн 12 сарын хугацаанд биологийн олон янз байдлын сэдвээр бүтээл нийтлэл туурвисан байх
Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байхаас гадна холбогдох баримт бичгүүдийг хавсарган илгээх ёстой юм.
Хэрэв та тус тэтгэлэгт хамрагдахыг энд дарж өргөдөл гаргаарай. Амжилт хүсье.
Лорензо Наталигийн нэрэмжит сэтгүүлзүйн бүтээлийн уралдаан
Өргөдөл гаргах сүүлийн хугацаа: долдугаар сарын 30
Ардчилал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг сэтгүүлчдийг урамшуулах зорилготой Европын Комиссоос ивээн тэтгэдэг Лорензо Наталигийн нэрэмжит сэтгүүлзүйн бүтээлийн уралдаан өргөдөл хүлээн авч эхэлжээ. Энэ жилийн уралдаан жендэрийн тэгш байдал, хүний хөгжил, уур амьсгал, байгаль орчин, эрчим хүч, дижитал болон дэд бүтэц, тогтвортой өсөлт ба ажлын байр, залуучууд, шилжилт хөдөлгөөн, албадан нүүлгэн шилжүүлэлт, энх тайван ба засаглал зэрэг өргөн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна. Уралдаанд оролцогчийн бүтээл 2023 оны тавдугаар сарын 30-аас 2024 оны тавдугаар сарын 24-ний хооронд олон нийтийн хүртээл болсон байх ёстой бөгөөд орчуулгыг хавсаргах юм. Ангилал тус бүрийн ялагчид 10,000 евро олгох аж. Хэрэв та уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сонирхож байвал эндээс авна уу.
Сэтгүүлчид юу уншдаг вэ?
Зургаадугаар сарын уншлага
Оксфордын их сургуулийн дэргэдэх Reuters агентлагийн уншлагын жагсаалтаас та бүхэнд санал болгодог билээ. Энэ удаагийн дугаарт Сингапурын сэтгүүлч Шео Бе Хогийн бичсэн бүтээлийг санал болгож байна. Тэрбээр Сингапур, Малайз, Тайвань зэрэг орны сэтгүүлчидтэй ярилцаж, Gen Z, Millennial, Gen X зэрэг үе бүрийн сэтгүүлчдийн ажлын байран дахь сэдэл, үнэ цэнэ, дадал зуршлыг хэдэн сар судалж, үе хоорондын ялгааг ойртуулахын тулд редакцууд хэрхэн ажиллах боломжтойг тодорхойлжээ. Түүний бүтээлийг бүрэн эхээр нь эндээс уншина уу
Forwarded this email? Subscribe here for more











